Тайваньд өнгөрүүлсэн мөчүүд-Каошүн хотын усан боомт, Light house
Миний бие 2018 оны 9 сард ирсэн бөгөөд Тайваний Каошүн хэмээх хотод хэсэг хугацаанд амьдрах боломж олдсон юм. Энэ нь залуу насандаа аливаа зүйлийг сурах, мэдэх, газар үзэх, аялах гэсэн миний хүсэлтэй яв цав нийцсэн, миний амьдрал дахь хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг яах аргагүй мөн билээ.
Ингээд 2019.09.21-нд Улаанбаатраас Хонконгоор дайран Каошүн (高雄) хотод ирсэн. Цаг агаар нь дулаан, чийглэг, бүгчим цаг агаар угтан авав.
Анх шууд төрсөн сэтгэгдэл бол хятадуудаас хамаагүй цэвэр, соёлтой орчин угтан авсан нь хамгийн таалгадаж байлаа.
Анх шууд төрсөн сэтгэгдэл бол хятадуудаас хамаагүй цэвэр, соёлтой орчин угтан авсан нь хамгийн таалгадаж байлаа.
Хамгийн анхны аялал Каошүн хотын усан боомт, Light house
Тайваньд ирээд 2 хоносны дараа би хоттой танилцах эхний аялалаа хийв. Каошүн хот нь далайн эрэг дээр байрлах бөгөөд 2.8 сая хүнтэй Тайваны хэмжээнд авч үзвэл 3 дахь том хот нь. Том усан боомт, нисэх онгоцны буудалтай.
Каошүн хотод ирсэн ихэнх жуулчид далайн эрэг дээр нь заавал ирдэг бөгөөд энд жуулчдад зориулсан худалдаа, үйлчилгээ болон үзэж харах зүйлс бусад газраас арай илүү. Уг далайн эрэг, усан боомт дээр ирэхэд энд Лайтхаус нь болон бусад дурсгал, өөр бусад зүйлс байх бөгөөд бид байрласан газраасаа метрогоор явж далайн порт дээр ирээд 20 тайвань доллар төлөөд 2 давхар жижиг завиар бяцхан хоолойг гатлан яг эрэг дээр нь ирдэг. Автобус нь 10доллар төлөөд тэр өдөртөө үнэгүй зорчих боломжтой метро 30 доллараар явдаг. Автобус манайх шиг урдуураа ороод хойгуураа буухаараа дамжих хүмүүс нь картаа уншуулаад буудаг.
Усан боомтын хувьд 1863 онд Такау /Takau/ усан боомт нээгдсэн бөгөөд энэ үеэс далайн худалдаа эрчимтэй нэмэгдэж энэ бүс хөгжсөн байдаг. Такау нь Каошүн хотыг хуучин нэршил нь юм. Усан боомтын хувьд Тайваны нийт ачаа эргэлтийн 60 хувь түүнээс илүү энэхүү усан боомтоор өнгөрдөг гэхээр ямар том боомт нь болох нь харагдана. Мөн харагдах байдал, цаг уурын хувьд ч Тайваньдаа хамгийн тааламжтайд ордог тул иргэд амралтын өдрөөр олноор ирж гэр бүл, найз нөхөдтэйгөө ирдэг газрын нэг болсон байдаг.
Light House-н хувьд бол уг боомт нь хуучин Голландчууд, Англичууд далайн худалдаа эрхэлж, энэ бүс хөгжихийн хэрээр далай дээр аялаж буй усан онгоцнуудад зориулсан дохио, чиглэл өгөх зорилгоор Хятадын засгийн газраас 1883 онд баригдсан. Үүний хойд талд Британий консул байрлаж байсан байр байх бөгөөд энэ 2 дундуураа нарийхан эх газар луу түрэн орсон нарийхан хоолойгоор тусгаарлагддаг зэргэлдээ байрлана. Эрт үед 17, 18 дугаар зуунд Тайван арал нь Нидерланды эзэнт гүрний колони байх үеийн консулын газар гэж нэрлэгдсэн энэхүү жижиг улаан байшин хамгийн өндөрлөг Chaishan уулан дээр байх тул эргэн тойрны газар маш сайхан харагддаг. Одоо уг жижиг байшиг тохижуулан жижиг музей, кофе шоп, хоолны газар болгон гадна дотны жуулчдад үйлчилдэг газар болгожээ.
Энэ орчим битүү ногоон модоор хүрээлэгдсэн газар бөгөөд хуучин консул байсан гэх газар нь Европ хэв маягаар баригдсан байшин гэдэг үзэнгүүт мэдэгдэнэ. Мөн Лайтхаус нь сүүлд Тайвань арал нь японуудад эзлэгдэх үед нэлээд сүйдсэн байдаг бөгөөд хожим засаж сайжруулжээ. Тус цамхаг нь 15 метр өндөр бөгөөд 100 гаруй жилийн настай түүхийн бас нэгэн томоохон дурсгал болжээ. Би хотод байхдаа энэ газар 2 удаа ирсэн. Далайн эрэг дээрх энэ жижиг толгод түүнийг тойрч явахдаа ийм жижиг газрыг иргэдийн амрах, жуулчдын очих газрын нэг болгон хөгжүүлсэн байдал нь үнэхээр таалагдсан.
Comments
Post a Comment