НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХЭРХЭН ХӨТЛӨХ ВЭ?

Тэмдэглэл бичих нь уншсан зүйлийг үр дүнтэй болгох, сэтгэгдэл санаа бодлоо эмх цэгцтэй илэрхийлэх, өөрийн “бүтээл”-ийг туурвих нэгэн арга юм. Харин яаж вэ гэдэг нь л сонирхолтой. Тэмдэглэл бичдэг хүмүүс өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг. Энэ удаа би өөрийн жижигхээн арга барилыг хуваалцаж байна :)

📌 Номоо битгий хайрла. Унших явцад таалагдсан эшлэл, санаа зэргийг номон дээрээ тэмдэглэж байгаарай. Ном чиний л өмч. Тиймээс хэрхэн ашиглахаа чи л мэднэ. Ингэж тэмдэглэх нь шинэ санаа олох, хуучин мэдрэмжээ эргэн мэдрэх гэх мэт олон зүйлсийг өгдөг. Тиймээс хайр гамгүй хэрэглэ. Миний хувьд тодруулагч эсвэл өнгийн бал ашиглаж номон дээрээ тэмдэглэгээ хийдэг. Мөн нэг танил маань номын бүлэг бүрээс төрсөн санаагаа наадаг цаасан дээр тэмдэглэдэг аргатай. Тэмдэглэл хөтлөх, бичвэр бичих, номын гол санаагаа тодорхойлоход энэ мөн тустай арга юм.
📌 Эшлэл, ухаарал, шинэ санаа өгөх үг, өгүүлбэрийг тэмдэглэдэг тусгай дэвтэртэй болоорой. Би дэвтэр дээр онцгой гэж бодсон эшлэлүүдээ бичдэг. Уйдсан үедээ, шинэ санаа хайсан үедээ, ганцаардсан үедээ тэмдэглэснээ эргээд уншихад сэтгэл яагаад ч юм үнэхээр сайхан болдог. Нөгөө талаасаа энэ чиний өмч болох болно. Өөрөөр хэлбэл дэвтэрт байгаа зүйлс чиний дотоод ертөнцийг, санаа бодлыг илэрхийлэх нэгэн үнэт цаас болно оо гэсэн үг.

📌 Номоо уншиж дуусангуутаа тэмдэглэл хөтлө. “Ямааны мах халуун дээрээ” гэдэг шиг. Учир нь дотор буцалж байгаа тэр мэдрэмжийг шууд л буулгаж, төрсөн санаагаа шинэ дээр нь тэмдэглэхэд тус болдог. Бичиг үсэг, утга найруулгын алдааг дараа нь засчихаж болно. Номын үйл явдлыг тоочихоосоо илүү өөрт төрсөн мэдрэмжийг буулгах нь хамгийн уншууртай, сонирхолтой болдог гэж би боддог. Хэт тоочсон, хатуу, ойлгомжгүй бичихээс зайлсхийх хэрэгтэй.
📌 Жишээ, баримт тэмдэглэлдээ оруул. Өөрийн болон ойр дотны хүний амьдралаас номын гол санаатай холбоотой бодит жишээ татан бичих нь тэмдэглэлийг сонирхолтой бөгөөд уншихад хялбар болгодог. Мөн хүний сэтгэлд номын санаа буухад илүү амархан байдаг.
📌 Хөнгөн бичихийг эрмэлзэх. Чи ямар ч төрлийн ном уншиж болно. Шинжлэх ухааны, танин мэдэхүйн, философийн, эдийн засгийн төрлийн ном бол бүр ч ойлгомжтой хөнгөн бичих хэрэгтэй. Бусад хүмүүс ойлгох үгүйдээ гол нь бус, чи дараа нь түүнийгээ эргүүлээд харахад эргэлзээгүй ойлгодог байхад л болно.
📌 Хэн нэгэнд биш ӨӨРТӨӨ зориулж бич. “Хүмүүст зориулж бичиж байна” гээд бодчихоор “бусад хүмүүс юу гэх бол” гэсэн бодолд ороогдож сүүлдээ үг ч гарахаа больчихдог тал бий. Тиймээс чи өөрөө ямар санааг тэмдэглэлээрээ илэрхийлэхийг хүсэж байна, аль бодлоо түлхүү буулгамаар байна, яг юуг бичмээр байна зэрэг өөрийн хүссэн зүйлээ л бичих хэрэгтэй. Чи өөрийнхөө ертөнцийг сайхан гэж бодвол бусад хүмүүс ч сайхан гэж харна. Бичих ч үүнтэй яг адил. Чиний бичвэр чамд л хамгийн түрүүнд таалагддаг байх хэрэгтэй.
📌 Блог, эсвэл пейж хөтөл. Мэдээж заавал хийх зүйл биш л дээ. Гэхдээ ингэснээр чи дуртай зүйлээ олох, чөлөөт цагаа боловсон өнгөрөөхиийн сацуу хийх юмтай, зорилготой болох болно. Хийсэн, бүтээснээ бусадтай хуваалцана. Магтаал бас шүүмж сонсож, тэр хэрээр бичих чадвар улам сайжирна. Тиймээс хүсвэл энэ аргыг хэрэгжүүлээд үзээрэй.
📌 Хүсэл эрмэлзэлтэй бай. Сонирхлыг чинь үнэхээр татаж байгаа л бол өөрийгөө гололгүй бичээд л байх хэрэгтэй. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бодлоо эмх цэгцтэй буулгах, найруулан бичих гээд маш олон чадвар хөгжинө. Гол нь “бичмээр” байгаа тэр мэдрэмж дотор чинь асаж байх хэрэгтэй.
📌 Бич бич бас дахин бич. Уншсан хэн нэгэнд таалагдахгүй байх вий, уйтгартай, эсвэл замбараагүй биччихвий зэргээр бидэнд бичихээс “зугтаах” тохиолдол олон. Гэхдээ бичээд л байх хэрэгтэй. Алдаж, онож байж сонирхолтой өнцгөөс сонирхолтой бичиж сурна. Тийм болохоор “бүтэхгүйдээ” гэдэг бодлоо хаяад тасралтгүй бичээд л байгаарай. Нэг л мэдэхэд сайжирна!
📌 Номын тэмдэглэл, бичвэрүүд бол чиний ӨМЧ . Тэмдэглэлүүд бол чи өөрийн байр суурьнаас бичсэн, өөрийн санаа бодлыг буулгасан зүйл учраас чиний л өмч байх болно. Хэдий их бичнэ чамд харьяалагдах үнэ цэнтэй өмчийн тоо нэмэгдсээр л байх болно. Нэг талаасаа би бүтээл туурвиж байна гэж бодох хэрэгтэй. Тиймээс цаг заваа зориулж бичсэн тэмдэглэлүүд чинь зүгээр л нэг хэдэн бичвэр болон үлдэхгүй шүү дээ.
Амжилт хүсье
Холбоос: https://medium.com/@orchlondiaries/%D0%BD%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD-%D1%82%D1%8D%D0%BC%D0%B4%D1%8D%D0%B3%D0%BB%D1%8D%D0%BB-%D1%85%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD-%D1%85%D3%A9%D1%82%D0%BB%D3%A9%D1%85-%D0%B2%D1%8D-4f8ef3337134

Comments

Popular posts from this blog

ХЯТАДЫН ЦАЙНЫ ЁС

Гуанжоу хотийн томоох зах, газруудын хятад нэршил

Автомашины эд анги 汽车零件